ХУУЛЬ БАТЛАГДЧИХЛАА, ОДОО ТАЙЛБАРЛАХ УУ? буюу Албан ёсны тайлбар гаргах практикийн зарим асуудал

Өмнөтгөлийн оронд

Юуны өмнө “Шүүхээс хууль тайлбарлах, хэрэглэх онол практикийн тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг санаачлан зохион байгуулж буй Улсын Дээд шүүх болон түүний судалгааны төвийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлмээр байна.

Нэгэнт уг хурлын үндсэн асуудлын нэг нь хууль тайлбарлах онол практикийн асуудал учраас миний бие өөрийн илтгэлийг энэ асуудалд, тодруулбал, манай улсад хуулийг тайлбарлаж буй практикийн зарим нэг эргэлзээтэй буюу эргэж харах шаардлагатай гэж үзсэн асуудлын талаар санал бодлоо солилцохыг зорилоо.

Би энэхүү илтгэлийг тэрлэхдээ аливаа нэг байгууллагын үйл ажиллагааг шүүмжлэх, эсхүл хийсэн бүтээснийг нь харлуулж, үгүйсгэх гэсэндээ бус гагцхүү ардчилсан нийгэм дэх шүүх ХҮЧТЭЙ байх ёстой гэсэн зарчмыг ухамсарлан ойлгосноо иш үндэс болгосон гэдгийг мэргэн та бүхэн оюун ухаандаа болгоон соёрхоно биз ээ.

Тулгын гурван чулуу

Хуулийг тайлбарлахад хэн, хэзээ, хэрхэн гэдэг гурван асуултад тохирох хариултыг нь олох нь юу юунаас чухал гэж бодогддог. Хэн гэдэгт ямар хуулийг /Үндсэн хууль болон бусад хууль/ хэн тайлбарлах ёстой вэ гэдэг асуултын хариу хамаарах болон харин хэзээ гэдэгт хууль батлагдан гарснаар тайлбарлах уу, эсхүл хуулийг шүүхээс хэрэглэх тохиолдолд тайлбарлах уу гэдэг асуудал буюу хууль тайлбарлах цаг хугацааны баримжааны асуудлыг хөндөнө. Эцэст хэрхэн яаж тайлбарлах вэ гэдэгт хуулийн текст, нэр томъёоны шууд утгыг баримтлан тайлбарлах уу, эсхүл агуулга, утга санаа, хууль тогтоогчийн хүсэл зоригийг баримтлан тайлбарлах уу гэдэг асуудлыг хамааруулан ойлгоно. Эдгээр нь хуулийг тайлбарлахад зайлшгүй харгалзан үзэх буюу анхаарвал зохих суурь асуудлууд тул эдгээрийг би “тулгын гурван чулуу”-тай зүйрлэн энэхүү илтгэлд дурдлаа.

Хуулийг хэн тайлбарлах вэ?

Хуулийг хэн тайлбарлах вэ гэдэг асуудал манай улсын хувьд харьцангуй тодорхой ойлголт тул энэ асуудлаар төдийлөн нуршахыг зорьсонгүй. Гагцхүү Үндсэн хуулийг хэн тайлбарлаад байна вэ, энэ нь ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар өөрийн санаа бодлоо товчхон хуваалцахыг хүсч байна.

Монгол Улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийг тайлбарлана гэсэн утга санаа агуулагдаагүй. Гэсэн хэдий ч хэдийд, хэрхвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох вэ гэдгийг тогтоох, ийнхүү зөрчсөн тохиолдолд зөрчлийг зогсоох буюу арилгах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн цэцтэй холбогдсон асуудлыг хуульчилсан нь бий. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар бүлгийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд Дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чанадлан сахиулах баталгаа мөн” гэж заасан. Дээр дурдсанчлан Үндсэн хуулийн цэц өөрийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах ба ийнхүү дүгнэлт гаргахдаа Үндсэн хуулийн тухайн заалтыг яагаад зөрчсөн гэж үзэж байгаа үндэслэлээ шийдвэртээ дурддаг.

Энэ ч утгаараа тухайн үүссэн тодорхой нөхцөл байдал нь зохицуулалтын хувьд Үндсэн хуулийн тухайн заалтад хамаарах эсэх, хэрэв хамаарч байгаа бол зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж буй нь Үндсэн хуулийн тухайн заалтыг хэрхэн ойлгох, хууль тогтоогчийн хүсэл зориг юу байсан талаар шууд бус тайлбар хийж байгаа гэж үзэхээс өөр аргагүй юм.

Иймд цаашид Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтыг хэрхэн ойлгох талаар, түүний цаад утга санаа нь юуг илэрхийлж байгаа болон хууль тогтоогчийн хүсэл зориг юу байсныг олж тогтоохдоо Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг хэрэглэж байх нь зүйтэй гэсэн саналтай байна.

Хууль батлагдчихлаа. За одоо тайлбарлах уу?
буюу
Хуулийг хэзээ тайлбарлах вэ?

Шүүхээс гаргаж буй албан ёсны тайлбарын талаар нэгэн жижиг судалгаа хийсэн нь сонирхолтой дүр зургийг харуулж байна.

1993 оноос 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Улсын Дээд шүүхээс нийт 117 удаа хуулийн зүйл, заалтыг тайлбарлаж байжээ .

Он Тайлбарын тоо Хуулийг дагаж мөрдсөнөөс хойш тайлбар гарах хүртэлх хугацаа
Доод хугацаа Дээд хугацаа
1993 4 4 сар 7 жил
1994 5 1 жил 7 жил 5 сар
1995 6 8 сар 8 жил 4 сар
1996 6 1 сар 9 жил 9 сар
1997 12 6 сар 9 жил
1998 6 1 сар 14 хоног 11 жил 2 сар
1999 2 1 жил 10 сар 3 жил 2 сар
2000 6 3 сар 8 жил 1 сар
2001 2 2 жил 11 сар 5 жил 10 сар
2002 7 6 сар 4 жил 3 сар
2003 10 7 сар 1 жил 10 сар
2004 1 2 жил 1 сар 2 жил 1 сар
2005 3 2 жил 6 сар 7 жил 11 сар
2006 26 3 хоног 12 жил 5 сар
2007 17 1 сар 12 жил 10 сар
117 3 хоног 12 жил 10 сар

Дээрх судалгаанаас үзэхэд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн 31 хувь буюу 1/3-ийг шүүхээс албан ёсоор тайлбарлажээ. Энэ нь нэг талаар манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд тодорхой бус, эргэлзээтэй, эсхүл салаа утгатай зүйл, заалт түгээмэл байгааг харуулж байгаа боловч нөгөө талаар тухайн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш богино хугацааны дараа уг хуулийг Дээд шүүхээс тайлбарлах явдал газар авсныг нотолж байна. Тухайлбал, 2006 онд Өршөөлийн тухай хуулийг батлагдсанаас хойш 3 хоногийн дараа албан ёсны тайлбарыг хийж байжээ.

Ийнхүү шүүх шинээр батлагдсан хуулийг хэрэглэж үзэлгүйгээр алсыг харан амдан тайлбарлаж ах парламентынхаа алдааг засах болсон нь шүүх өөрт ногдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээд байна уу, эсхүл гэсэн эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлж байна.

Засаглал хуваарилах онолын дагуу хууль тогтоох эрх мэдлийн байгууллага нь хуулийг тогтоож, уг хуулийн биелэлтэд хяналт тавина, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага ийнхүү баталсан хуулийг биелүүлж, түүний биелэлтийг зохион байгуулна, харин шүүх ийнхүү баталсан хуулийг хэрэглэн хэрэг маргааныг шийддэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хууль баталж Улсын Их Хурал маргаан шийддэгүйтэй адил хуулийг хэрэглэх бүрэн эрх гагцхүү шүүхэд олгогдсон байдаг.

Хэдийгээр бусад төрийн байгууллага өөрийн үйл ажиллагааны явцад хуульд заасны шийдвэр гаргахдаа хуулийн тодорхой зүйл, заалтыг үндэслэл болгон ишлэх явдал түгээмэл байдаг боловч үүнийг хуулийг хэрэглэж буй явдал хэмээн ташаа ойлгож болохгүй. Учир нь эдгээр шийдвэрийг эс хүлээн зөвшөөрвөл сонирхогч этгээд уг шийдвэрийн талаар маргах боломжтой байдаг буюу энгийнээр хэлбэл эдгээр шийдвэр нь ямагт “шүүхийн хяналтад байдаг” . Харин шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол заавал биелэгдэх шинжтэй , түүний шийдвэрийг эргэн нягталж хянах бүрэн эрх тухайн шүүхийн дээд шатны шүүхээс этгээд буюу өөр хөндлөнгийн субьектэд олгогдоогүй байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад “Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Нэгэнт хууль хэрэглэх гэдэг ойлголт гагцхүү шүүхэд хамааралтай тул хуулийг зөв хэрэглэх талаархи тайлбар буюу шүүхийн албан ёсны тайлбар нь гагцхүү шүүн таслах ажиллагаатай холбогдон хөндөгдөнө. Харин уг заалт нь хуулийг зөв ойлгож сахин биелүүлэх, эсхүл аливаа байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх буюу эрх зүйн эргэлзээтэй асуудлаархи шийдлийг бусад этгээдэд таниулан тайлбарлах бүрэн эрхийг Улсын Дээд шүүхэд олгоогүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой бизээ.

Дээрхээс үзэхэд тухайн хуулийн холбогдох заалтад хамаарах асуудлаар шүүхийн шатанд хэрэг, маргаан үүсээгүй байхад уг асуудлаар шүүхээс албан ёсны тайлбар гаргаж болохгүй гэсэн үг. Харин уг тайлбараа тухайн хэрэг маргааныг хяналтын журмаар шийдэх үед шүүхийн шийдвэрт нэгдсэн байдлаар тусгах уу, эсхүл албан ёсны тайлбарыг тухайн хуулийн холбогдох заалтыг тайлбарлах үндэслэл болсон хэрэг, маргаан, түүнийг шийдвэрлэсэн байдал зэргийг ишлэн дурдан бие даасан байдлаар тайлбарлах уу гэдэг нь хэлбэрийн асуудал бөгөөд уг тайлбарын эцсийн үр нөлөөнд төдийлэн ач холбогдолтой биш юм.

Ийн байтал Шүүхийн тухай хуулийн 23.1-д “Энэ хуулийн 15.6.5-д заасны дагуу Үндсэн хуулиас бусад хуулийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг Улсын Дээд шүүх гаргана” гээд мөн хуулийн 23.2-т “Иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг ойлгох, дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтыг тайлбарлуулах тухай саналаа Улсын Дээд шүүхэд ирүүлнэ” хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг гуйвуулан тунхагласан нь шүүхэд аливаа маргаан гарсан эсэхээс үл хамааран тухайн хуультай холбоотой асуудлаар хуулийг хавтгайруулан тайлбарлах бололцоог шүүхэд олгосон шинжтэй зохицуулалт болсон. Мөн шүүхээс хууль тайлбарлах явцдаа хууль тогтоогчийн алдааг засах, эсхүл нөхөх зохицуулалт хийх замаар Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд халдах боломжийг бүрдүүлж өгчээ.

Цаашилбал, талуудын хооронд үүссэн маргааныг хэрэг маргаан шийдвэрлэх талаар хуулиар тогтоосон журмаас гадуур шийдэх боломжийг бүрдүүлэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Жишээ нь: “А” хуулийн заалт тодорхой бус салаа утгатай байна гэж үзье. “А” хуулийн заалт ийнхүү салаа утгатайгаар батлагдсанаар “В” болон “С” хооронд эрх зүйн маргаан үүссэн. Хэрэв “А” хуулийг “А1” гэж тайлбарлавал “В”-ийн эрх ашиг хамгаалагдана. Харин “А” хуулийг “А2” гэж тайлбарлавал “С”-ийн эрх ашиг хамгаалагдана. Иймээс шүүх “А” хуулийг хэрхэн тайлбарлахаас “В” болон “С”-ийн хооронд үүссэн маргааны хувь заяа шийдэгдэнэ. “А” хуулийн холбогдох заалтыг хэрхэн ойлгох талаар талуудын аль аль нь нотолгоо болон үндэслэл гаргах боломжтой гэж үзье. Хэрэв талуудын аль нэг нь өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргавал ийнхүү нэхэмжлэл гаргасан тал нь нэхэмжлэгчийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн тайлбар, түүний үндэслэлийг сонсох бүрэн боломжтой болохын дээр талуудын гаргаж өгсөн нотолгоо зэргийг харгалзан үзэн эцсийн шийдийг гаргах ба энэхүү шийдвэрийг харгалзан цаашид хуулийн уг заалтыг хэрхэн хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргана.

Харин шүүх “А” хуулийн талаар тайлбарыг хэрэг, маргааныг шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүйгээр, “захиргааны журмаар” гаргавал энэ хуулийн заалтыг хэрхэн ойлгох талаар маргаантай байгаа талуудын үндэслэл нотолгоо зэргийг харгалзан үзэхгүйн дээр энэ талаар талууд мэтгэлцэн тухайн хуулийг хэрхэн яаж ойлгож байгаа үндэслэлээ гаргах эрхгүй болно. Мөн тайлбар нэгэнт гаргасан бол түүнийг давж заалдах, хянуулах асуудал хөндөгдөхгүй. Гэвч тайлбарын эцсийн үр дүн нь хуулийг “А1”, эсхүл “А2” гэж ойлгохын аль нэг нь байх тул шууд бусаар “В” болон “С”-ийн хооронд үүссэн маргаан эцэслэн шийдэгдэнэ.

Мөн хуулийг ийнхүү автоматаар тайлбарлах нь хууль тогтоогчоос хуулийн чанарт анхаарах анхаарлыг сулруулж, чанаргүй хууль мэндлэх нөхцлийг бүрдүүлнэ. Тодруулбал, хууль тогтоогч чанаргүй хууль баталснаар түүнийг засварлах шаардлагатай болсон гэж үзье. Хэрэв үүнийг засах үүргээ хууль тогтоогч өөрөө хэрэгжүүлвэл нэг ажлыг удаа дараа хийн, яваандаа үүнээс зайлсхийх зорилгоор хуулийн чанарт илүү ач холбогдол өгч эхэлнэ. Харин энэхүү алдааг нь шүүх өөрийн үзэмжээр барьж авч зассаар байвал ийм алдаа байгааг хууль тогтоогч мэдэхгүй өнгөрөх буюу мэдсэн ч шүүхэд найдан энэ хэвээр нь орхих боломжтой юм.

1+01=7
буюу
Хуулийг хэрхэн тайлбарлах вэ?

Англо-саксоны эрх зүйн бүл бүхий орны хууль зүйн шинжлэх ухаанд шүүх /шүүгч/-ээс тогтоосон хууль буюу judge made law хэмээх ойлголт өргөн тархсан байдаг бөгөөд энэ нь хэргийг хэвшүүлэн шийдэх ёстой салшгүй холбоотой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, шүүгч тухайн хэргийг шийдэхдээ өмнө нь шийдэж байсан хэргийг иш үндэс /эх сурвалж/ болгон шийддэг. Ижил төсөөтэй хэргийг өмнө нь шийдэж байгаагүй тохиолдолд уг хэргийг уг нөхцөл байдалд тохирсон жишгийг анхлан тогтоох бөгөөд энэхүү шийдвэр нь дараа дараагийн хэргийг шийдэхэд заавал баримтлах шинжтэй болдог.

Харин манай улсын хувьд шүүх /шүүгч/ хууль тогтоогч биш гэдэг нь ойлгомжтой бөгөөд judge made law гэсэн ойлголт огт яригдах учиргүй. Хэдийгээр тодорхой хэргийг шийдэхдээ өмнө нь тогтсон практикийг харгалзан үзэх үзэгдэл байдаг ч үүнийг шүүхээс хууль тогтоох буюу law making by judge гэсэн хандлага руу явж байна гэж үзэж болохгүй. Учир нь уг практикийг тогтоосон шүүхийн анхны шийдвэр нь дараа дараагийн хэргийг ижил төсөөтэй шийдэх албан ёсны үндэслэл буюу ишлэл болдоггүй. Иймээс хэрэг шийдэхдээ өмнөх жишгийг харгалзан үзэж буй хандлагыг манай улсын хувьд шүүхээс тогтоосон хуультай бус, харин шүүгчийн дотоод итгэл үнэмшилтэй шууд холбон тайлбарлах нь зүйд нийцэх болов уу. Өөрөөр хэлбэл шүүгч уг хэргийг шийдэхийн өмнө ижил төсөөтэй хэргийг шийдэж байсан туршлага, практикийг харгалзан үзсэн байж болно. Гэвч эцсийн шийдвэрийг гаргахдаа өмнө шийдсэн ижил төсөөтэй хэрэгтэй аль болох ойртуулах буюу таацуулах хандлагыг баримталж байгаа нь өмнө тогтсон жишгийг илүү зөв гэж хүлээн зөвшөөрч буй тухайн шүүгчийн итгэл үнэмшлийн илэрхийлэл юм. Хэрэв тухайн шүүгч уг хэргийг тогтсон жишгийн дагуу шийдэх нь буруу гэж үзвэл өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ хэргийг өөрөөр шийдэж болох ба ийнхүү шийдсэн нь дээд шатны шүүх шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох шууд үндэслэл буюу ишлэл болохгүй.

Албан ёсны тайлбарын хувьд ч гэсэн нэгэнт шүүх гагцхүү хуульд захирагдах тул ийнхүү гаргасан албан ёсны тайлбар нь шүүхээс шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох албан ёсны шууд үндэслэл болохгүй. Энгийнээр хэлбэл шүүх албан ёсны тайлбараас иш татан, эсхүл уг тайлбарыг тодорхой заалтыг үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэддэгүй. Энэ утгаараа ч гэсэн шүүхээс албан ёсны тайлбар гаргаж буй ажиллагааг шүүхээс хууль тогтоох буюу law making by judge гэж ташаа ойлгож болохгүй.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан. Энэ нь албан ёсны тайлбар хуулийг зөрчсөн бол тайлбарыг хэрэглэхгүй гэсэн санаа бөгөөд тайлбар нь хуульд нийцэж байх ёстой гэдгийг ямарваа нэг салаа утгагүйгээр тодорхой заасан зохицуулалт юм. Товчхондоо бол шүүх өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хуулийг тайлбарлах эрхтэй /үүрэгтэй/ боловч ийнхүү тайлбарлахдаа шинээр хууль тогтоож болохгүй гэсэн үг.

Энэ талаар Ronald Dworkin “Хуулийн эзэнт гүрэн” /1986/ бүтээлдээ “Хуулийг тайлбарлахад тухайн тайлбар нь нэгэнт тогтсон ойлголт болон практиктай яв цав нийцэж байна уу үгүй гэдэг асуудал ач холбогдолтой биш. Харин ийнхүү тайлбарлаж буй этгээд /шүүх/ нь шинээр дүрэм, журам тогтоогоогүй гэдэгтээ итгэлтэй байж ийнхүү шинэ журам тогтоож болохгүй гэдгээ ямагт ухамсарлаж байх нь хамгийн ач холбогдолтой” гэж бичсэн байдаг.

Хэрэв бид тайлбарлах шаардлагатай байгаа хуулийг “1” гээд шүүхийн тайлбарыг “01” гэж үзвэл уг тайлбарлах шаардлагатай хуулийг тайлбарласнаар /1+01=11/ хууль салаа утгагүй, тодорхой буюу “11”болно. Өөрөөр хэлбэл хуулийн утга санаа, хууль тогтоогчийн хүсэл зориг өөрчлөгдөөгүй, “1” хэвээрээ боловч илүү тодорхой болсон байна.

Харин манай улсад шүүхээс хуулийг тайлбарлахдаа хууль тогтоогчийн хүсэл зоригийг буруу илэрхийлэх буюу хүсэл зоригийг нь өөрчлөх явдал мэр сэр байгаа нь анхаарал татаж байна. Үлгэрлэвэл “1+01=7” гэсэнтэй адил юм.

Хуулийн утга агуулга, хууль тогтоогчийн үзэл санааг зарим тохиолдолд шүүхийн тайлбар өөрчлөх тохиолдол манай улсад байсаар байгаа нь дараахь жишээнээс тод харагдах болов уу.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль бол иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх гол хууль. Аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд хамгийн шийдвэрлэх ач холбогдолтой зүйл нь “нотлох баримт” түүнийг цуглуулах асуудал байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5-д “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байдаг.

Энэхүү заалт нь хэл зүйн хувьд нэгдүгээрт, “нотлох баримт цуглуулахдаа хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг хийж болохгүй, ийнхүү хуулиар тогтоосон журам зэргийг зөрчсөн бол нотолгооны чанараа алдана” гэж, хоёрдугаарт, “нотлох баримт цуглуулах талаархи журмыг гагцхүү хуулиар тогтооно” гэсэн утга илэрхийлж байна. Харин зорилтод хандлагын хувьд хууль санаачлагч нь уг заалтаар “нотлох баримт цуглуулахдаа бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж болохгүй” гэсэн хүсэл зоригийг агуулж байна. Энэ утгаар нь авч үзвэл хуулийн дээрх заалт нь бусдын орон байрны халдашгүй байдлыг зөрчих замаар, эсхүл хувийн захидал харилцааны нууцыг задруулах замаар тухайн нотолгооны зүйлийг олж авсан тохиолдолд ийнхүү олж авсан нотолгооны зүйл нотлох баримтын чанараа алдах үр дагаварыг үүсгэх юм.

Харин энэ талаар Улсын Дээд шүүхээс дараахь байдлаар тайлбарласан байдаг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38,5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн” гэдгийг “гэрчийг байцаахдаа хууль сануулаагүй, гарын үсгийг зуруулаагүй болон гэрчийг байцаах эрхгүй этгээд байцаасан, гэрчээр өөрөөр нь тодорхойлолт бичүүлж авсан, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн 2 гэрч, хэргийн оролцогчдыг оролцуулаагүй, тэмдэглэл хөтлөөгүй, тэд нараар гарын үсэг зуруулаагүй, бичмэл нотлох баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй, дүгнэлт гаргах эрхгүй /шүүхээс томилогдоогүй эсвэл тухайн төрлийн мэдлэггүй/ этгээдээр дүгнэлт гаргуулсан, тэмдэглэл, “справка” зэрэг хуульд заагаагүй хэлбэрийн баримт бичиг бүрдүүлсэн зэргийг хамааруулан ойлгоно.” гэжээ

Харин дээрх тайлбар нь хууль тогтоогчийн хүсэл зоригийн илэрхийллийг хэт дэлгэрүүлж, хуульд заагаагүй асуудлаар шинэ хэм хэмжээ тогтоосон байна. Гэтэл хуульд заагаагүй хэлбэрийн баримт бичиг бүрдүүлж болохгүй талаар хуульд аливаа зохицуулалт байхгүй бөгөөд энэ талаар хууль тогтоогч “чимээгүй” өнгөрсөн буюу огт дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрөх зохицуулалтыг хуульчилсан байтал, шүүхийн тайлбар нь хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглохоор заасан байна.

Хэдийгээр тэмдэглэл, “справка” зэрэг хуульд заагаагүй хэлбэрийн баримт бичиг бүрдүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэх нь шүүхийн практикт хүндрэлтэй, зарим талаараа сөрөг үр дагавар үүсгэж болох боловч нэгэнт шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ үнэлэх эрх хуулиар олгогдсон байгаа тул ийнхүү тусгайлан тайлбар гаргах замаар нотолгооны чанарыг нь механикаар алдагдуулах нь төдийлөн оновчтой зүйл биш юм.

Төгсгөлийн оронд

Цаашид Улсын шүүхээс хуулийг албан ёсоор тайлбарлаж буй үйл ажиллагааг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх зорилгоор дээр дурдсан асуудалтай холбогдуулан дараахь асуудалд та бүхний анхаарлыг хандуулахыг хүсч байна. Үүнд:

1/хуулийг хөндлөнгийн байгууллагын хүсэлтээр тайлбарлаж буйг халах;

2/хуулийг гагцхүү шүүхээс хэрэг, маргаан шийдвэрлэх явдалтай холбогдуулан тайлбарлаж байх;

3/хууль тайлбарлах тодорхой журмыг тогтоох. Ингэхдээ шүүхийн албан ёсны тайлбар хууль зөрчвөл түүнийг хэрхэх талаар нарийвчлан журамлахын дээр хууль тайлбарлах аргыг сонгож хэрэглэх журмыг илүү тодорхой буюу дэс дараалалд оруулах. Тухайлбал, эхэлж Летирал буюу хэл зүйн аргыг хэрэглэх, хэрэв боломжгүй бол пропозив буюу зорилтод хандлагийн аргыг хэрэглэх гэх мэт.

2 Сэтгэгдлүүд

Filed under Uncategorized

2 responses to “ХУУЛЬ БАТЛАГДЧИХЛАА, ОДОО ТАЙЛБАРЛАХ УУ? буюу Албан ёсны тайлбар гаргах практикийн зарим асуудал

  1. Gull

    Bayarlalaa. haij bsan medeelelee olloo

  2. Gull

    Bayarlalaa. haij bsan medeellee olloo

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s