АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧНААС АЖ АХУЙТАН БОЛОХ АРГА буюу Олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгө босгох боломжууд, анхаарах зүйл

Монголчууд бид Үндсэн хуулиндаа дэлхий нийтийн түгээмэл хандлагад нийцсэн эдийн засагтай улс болохоо тунхагласаар даруй 18 жил болж байна. Хэдийгээр энэ хугацаанд аж ахуй эрхлэж хувийн өмчтэй болсон, уул уурхайн томоохон орд газруудыг нээн илрүүлсэн, бизнесийн шинэ төсөл, санал, санаачлагыг гаргаж байгаа зэрэг чамгүй их зүйлийг хийж бүтээсэн боловч бид хөрөнгө санхүүгийн хувьд өнөөг хүртэл айл шиг айл болж хараахан чадаагүй л байна. Дээр дурдсан хөрөнгө мөнгөний гачааллаас болж бид бусдын хөгжлийг гүйцэхэд хангалттай хүрэлцэхүйц байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь өөрсдийгөө “алтан дээр суусан гуйлгачин” хэмээн өхөөрдөн томъёолоход хүргэж байна.

Тэгвэл энэ баялгаа хэрхэн “чулуу” болгож үр ашгийг нь хүртэх вэ, алтан дээр суусан гуйлгачнаас аж ахуйтан болох ямар арга зам байгаа вэ гэдэг асуултад хариулт өгөх зорилгоор олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгө босгох арга замууд, түүний дотор IPO хийхэд анхаарах асуудлын талаар товч мэдээлэл өгье.

Олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгө босгох үндсэн аргууд

Олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгө босгох дараахь үндсэн аргууд байдаг. Гэвч эдгээр аргууд нь өөр өөрийн давуу болон сул талуудтай тул та өөрийн хүрэхээр зорьж буй үр дүн, өөрийн компанийн бизнесийн нөхцөл байдал, хэрэгжүүлэх гэж байгаа төслийн онцлог зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр өөрт хамгийн илүү тохирох оновчтой хувилбарыг сонгох нь зүйтэй.

Банк, санхүүгийн байгууллагаас зээл авах

Банк, санхүүгийн байгууллагаас зээл авах арга нь хөрөнгө босгох хамгийн энгийн аргад тооцогддог. Хэдийгээр энэхүү арга энгийн хялбар, ялангуяа манай улсын аж ахуй эрхлэгчдэд танил дотно арга боловч дараахь сул талтай болохыг нь анхаарах шаардлагатай. Үүнд: нэгдүгээрт, таны төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай их хэмжээний санхүүжилтийг гаргах чадвартай томоохон зээлдэгч олох нь хүндрэлтэй байдаг, хоёрдугаарт, та зээл авахын тулд барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай, гуравдугаарт, арилжааны банкны хөрөнгө татан төвлөрүүлсэн зардал, түүний хугацаа зэргээс хамааран зээлийн хүү ихэвчлэн өндөр байдаг бөгөөд хугацаа нь богино байдаг. Энэ нь таны бизнес тогтворжихоос өмнө үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн дарамтад орох эрсдлийг дагуулж байдаг. Дөрөвдүгээрт, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах шаардлагатай болдог бөгөөд ингэснээр та тухайн төслийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж таны бизнес бүхэлдээ эрсдэлд орох аюултай.

Товчхондоо бол зээлийг богино хугацааны хөрөнгийн эх үүвсэр /эргэлтийн хөрөнгө/ бүрдүүлэхэд ашигладаг бөгөөд энэ нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой арга хэрэгсэлд тооцогддогүй.

IPO /initial public offering/ буюу нийтэд анхлан хувьцаа санал болгох

IPO /initial public offering/ буюу нийтэд анхлан хувьцаа санал болгох арга нь тухайн төслийг хэрэгжүүлэх болон компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хэрэглэхэд хамгийн тохиромжтой аргад тооцогддог. IPO хийснээр та дараахь давуу талуудыг өөртөө бий болгох боломжтой юм. Юуны өмнө энэ аргыг дан ганц бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжсон, өсөлттэй компаниуд бус мөн үр ашиг өндөр байх магадлалтай төсөл бүхий шинэ компани хэрэглэх боломжтой байдаг. Түүнчлэн аль биржээр дамжуулан хувьцааг нийтэд санал болгож байгаагаас хамааран компанийн өөрийн хөрөнгийн доод хэмжээнд тавих шаардлага өндөр байдаг ч танаас ямарваа нэг барьцаа хөрөнгө шаарддаггүй. Мөн та хувьцаа гаргахдаа бүрэн дүүрэн, үнэн зөв мэдээлэл өгөөгүй, эсхүл залилан мэхэлснээс бусад тохиолдолд хувьцааг худалдан авсан этгээд нь ийнхүү худалдан авсан хувьцааны хэмжээгээр эрсдэл хүлээдэг буюу компанийн үйл ажиллагаанаас гарах бүхий л эрсдлийг тантай хуваалцдаг. Цаашилбал, танд дараа дараагийн хувьцаагаа нийтэд санал болгон хөрөнгө босгох боломжийг бүрдүүлж өгдөг. Хамгийн чухал нь та аль нэг нэр хүнд бүхий биржэд листэд болж бүртгэгдсэн бол энэ нь таны бизнесийн нэр хүндийн баталгаа болж, бусдад итгэл төрүүлдэг.

Гэвч IPO хийх нь дараахь сул талуудтайг мартаж болохгүй. Юуны өмнө IPO хийхэд таны компани асар их хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулах шаардлагатай болдог /2007 оны судалгаагаар эрх зүйн үйлчилгээний дундаж зардал 1 сая ам.доллар, аудитын үйлчилгээний зардал найман зуун мянган ам.доллар байсан бөгөөд энэ дүн цаашид өсөх хандлагатай байгаа/ бөгөөд компанийн удирдах ажилтнууд энэ үйл ажиллагаанд бүхий л анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог. Иймд удирдлагаас компанийн үндсэн үйл ажиллагаанд хандуулах анхаарал суларч, үйл ажиллагаа доголдох магадлалтай байдаг. Хоёрдугаарт, IPO хийх бэлтгэлийг хангах явцад компанийн санхүүгийн байдалд нөлөөлөхүйц маркетингийн идэвхижүүлэлт болон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гуравдугаарт, биржэд листэд болж бүртгэгдсэн тохиолдолд тайлан мэдээ гаргах, хурал зарлах, түүнийг хуралдуулах, шийдвэр гаргах гээд компанийн дотоод бүхий л үйл ажиллагаа хууль тогтоомжид заасан журмын дагуу, хатуу хяналтын дор явагддаг. Энэ ч утгаараа компанийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх боломжгүй болдог. Дөрөвдүгээрт, таны гаргасан хувьцааны тоо, хэмжээнээс хамааран та компанийн удирдлагаа хувь нийлүүлэгчдэд алдах боломжтой. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй тохиолдолд урьдчилан тооцолгүйгээр компаниа өөрийн өрсөлдөгч болон гуравдагч этгээдэд алдах эрсдэл өндөр байдаг.

Компанийн бонд /corporate bond/ гаргах

Компанийн бондыг биржээр дамжуулан нийтэд нээлттэй, эсхүл биржээс гадуур шууд гаргаж болдог. Хэдийгээр бонд нь зээлтэй ижил төсөөтэй боловч дараахь давуу талтай. Нэгдүгээрт, бонд нь хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй хөрвөх чадвартай бөгөөд бондын төлбөрийн үүргийг дарааллын хувьд тэргүүн ээлжинд барагдуулдаг тул хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татдаг. Энэ ч утгаараа бонд түргэн борлогдох чадвартай байдаг. Хоёрдугаарт, хөрөнгийн бирж нь хөрөнгө оруулагч, зуучлагчдын төвлөрөл байдаг тул бондыг биржээр дамжуулан гаргасан тохиолдолд зээлтэй харьцуулахад их хэмжээний хөрөнгийг богино хугацаанд босгох боломжтой байдаг. Иймээс хөрөнгө босгох зардал бага байдаг. Гуравдугаарт, бондын хүү бага, хугацаа урт байдаг бөгөөд бондын төлбөрийг ихэвчлэн хугацааны эцэст төлдөг. Иймээс зээлтэй ижил богино хугацааны дотор үндсэн зээл, хүүгийн төлбөрийн дарамтад орох эрсдэл багатай. Түүнчлэн бонд гаргасан хугацаанд та хууль тогтоомжид заасны дагуу өөрийн компанийн бүхий л мэдээллээ нийтэд нээлттэй байлгаж, эрх бүхий байгууллагад тайлангаа хүргүүлэх үүрэгтэй боловч бонд гаргасан хугацаанд компанийн удирдлагыг бусадтай хамтран хэрэгжүүлэх болон хувьцааг хөрөнгө оруулагчдад шилжүүлэх үүрэг хүлээдэггүй. Энэ ч утгаараа та бизнесээ өөрийн бүрэн хяналтад байлгаж болдогоороо IPO хийхээс давуу талтай. Харин сул тал гэвэл зээлийн нэгэн адил та бондын үүргээ гүйцэтгэж чадаагүй бол түүнийг компанийн өөрийн хөрөнгөөр төлж барагдуулдаг бөгөөд бондыг хувьцаанд хөрвүүлэх нөхцөлөөр гаргасан тохиолдолд компаниа алдах эрсдэлтэй байдаг.

Еquity investment буюу хөрөнгө оруулагчдад хувьцааг шууд санал болгох

Equity investment буюу хөрөнгө оруулагчдад хувьцааг шууд санал болгох арга нь шинэ болон жижиг, дунд компанийн хөрөнгө босгодог түгээмэл аргад тооцогддог /2008 оны байдлаар Европт 84 тэрбум еврогийн, хойд америкт 70,5 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдсэн/. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид нь хувь хүн, компани, хедж, тэтгэвэрийн, хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангууд байдаг бөгөөд хөрөнгө оруулалтаа хөрөнгө итгэмжлэн удирдагч, эсхүл хөрөнгө оруулалтын оператор компани болон тусгай сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Хөрөнгө оруулагчдад хувьцааг шууд санал болгох арга нь нэгдүгээрт, ийнхүү хувьцаагаа санал болгоход цаг хугацаа, зардал бага шаарддаг, хоёрдугаарт, хувьцааг худалдсаны дараа компанийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх боломжоо алддаггүй зэргээрээ IPO хийхээс давуу талтай. Харин компанийн удирдлагыг хувь нийлүүлэгчдэд алдах эрсдлийг дагуулж байдгаараа сул талтай байдаг байна.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO-г хэрхэн хийдэг вэ?

IPO гэж юу вэ?

IPO хийх гэдэг нь хөрөнгө, санхүүгийн зах зээлийг зохицуулах эрх бүхий этгээдэд бүртгүүлэх замаар өөрийн хувьцааг нийтэд анх удаа санал болгохоор биржид листэд болгон бүртгүүлэх процессийг хэлдэг. Харин нэгэнт биржид листэд болсон компани дахин хувьцаа гаргах үйл явцыг IPO-д тооцдоггүй.

IPO хийхэд төр оролцох нь

Тухайн улсын хууль тогтоомжоос хамааран IPO хийх үйл ажиллагаанд төрийн өөр өөр байгууллагууд оролцдог боловч эдгээр байгууллагууд нь ихэвчлэн хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагууд байдаг. Эдгээр байгууллагууд нь нэгдүгээрт, хөрөнгө оруулагчдад шаардлагатай бүхий л мэдээ, мэдээллийг нээлттэй болгох, хоёрдугаарт, аливаа хууран мэхлэх буюу залилах үйлдлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

IPO-г хаана хийдэг вэ?

IPO-г биржээр дамжуулан хийдэг. Дараахь биржүүд дэлхийн шилдэг 10 биржид тооцогддог. Үүнд: 1/Нью-Йоркийн хөрөнгийн бирж /NYSE/, 2/Токиогийн хөрөнгийн бирж /TSE/, 3/НАСДАК /NASDAQ/, 4/Евронекст /Euronext/, 5/Лондонгийн хөрөнгийн бирж  /London stock exchange/, 6/Шанхайн хөрөнгийн бирж /Shanghai stock exchange/, 7/Гонконгийн хөрөнгийн бирж /Hong Kong stock exchange/, 8/Торонтогийн хөрөнгийн бирж /Toronto stock exchange/, 9/Франкфуртын хөрөнгийн бирж /Deutsche Bцrse/, 10/Мадридын хөрөнгийн бирж /Bolsas y Mercados Espacoles/ тус тус багтдаг. Мөн Австралын үнэт цаасны бирж, Солонгосын бирж, Шинжений биржүүд дэлхийн шилдэг 20 биржид багтдаг.

Биржүүд нь өөрийн тогтоосон шалгуурыг хангасан үнэт цаасыг листэд болгон худалддаг бөгөөд цаашид тодорхой шалгуурыг хангаж байхыг үнэт цаас гаргагчаас шаарддаг. Эдгээр шалгуур нь тухайн биржийн нэр хүндээс хамааран харилцан адилгүй байдаг. Түүнчлэн тухайн биржийн жагсаалтад бүртгэгдсэн бүтээгдэхүүний чанар, зэрэглэлээс хамааран өөр өөр шаардлага, стандартыг тогтоодог. Тухайлбал, Токиогийн хөрөнгийн бирж томоохон компаниудын хувьцааг нэгдүгээр хэсэгт, дунд зэргийн компаниудын хувьцааг хоёрдугаар хэсэгт, өндөр өсөлттэй байх магадлалтай шинэ компаниудын хувьцааг мадерс /mothers/ хэсэгт, Гонконгийн хөрөнгийн бирж бүтээгдэхүүнээ үндсэн /mainboard/ болон өсөлт бүхий аж ахуйн нэгж /GEM/-ийн хэсэгт хуваадаг бол Шанхайн хөрөнгийн бирж нь юүаниар гаргасан хувьцааг “А” хувьцааны, ам.доллараар гаргасан хувьцааг “В” хувьцааны хэсэгт хамааруулан ангилдаг байна.

Мөн биржүүд төслийн онцлогоос хамааран тавигдах шалгуурыг хэрэглэхгүй байх нөхцөлийг ч санал болгодог байна. Тухайлбал, Гонконгийн хөрөнгийн биржийн үндсэн жагсаалтад бүртгэгдэх компани нь сүүлийн 3 жилд 50 саяас доошгүй гонконг долларын ашигтай ажилласан байх, биржид бүртгэгдэх үед өөрийн хөрөнгийн хэмжээ нь 200 сая гонконг доллараас доошгүй байх зэрэг шаардлага тавьдаг боловч уул уурхайн компанийн хувьд тухайн компанийн гүйцэтгэх удирдлага, удирдлагын баг нь уул уурхайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай бөгөөд бирж боломжтой гэж үзсэн бол эдгээр шаардлагыг багасгах буюу хэрэглэхгүй байх боломжтой байдаг байна.

IPO хийх үе шатууд

IPO хийх үйл ажиллагаа нь листэд болох бэлтгэлийг хангах, листэд болох шийдвэрийг хүлээх, IPO-г дуусгах гэсэн 3 үе шатаас бүрддэг.

Эхний буюу листэд болох бэлтгэлийг хангах үе шатанд андеррайтер /underwriter/-ийг сонгох, эрх зүйн болон санхүүгийн нөхцөл байдлыг шалган тогтоох /due diligence/, санхүүгийн бичиг баримтад аудит хийх, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийг зохицуулах эрх бүхий байгууллагад хүргүүлэх үнэт цаасны танилцуулга болон холбогдох шаардлагатай бусад бичиг баримтыг боловсруулах, зэрэглэл тогтоох зэрэг ажлыг хийдэг. Энэ хугацаанд олон нийтийг төөрөлдүүлэхүйц мэдээлэл цацах, тусгайлан зааснаас бусад тохиолдолд олон нийтээс хөрөнгө татан төлвөрүүлэхийг хориглодог.

Хоёрдугаар үе шатанд эрх бүхий байгууллагад хүргүүлсэн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээлэл, тайлбарыг гаргах, тэдгээрт шаардлагатай өөрчлөлтийг тусгах, шинэчлэх ажиллагаа хамаардаг.

Гуравдугаар буюу IPO-г дуусгах үе шатанд зохицуулах байгууллагын зөвшөөрсний дагуу үнэт цаасны танилцуулгад эцсийн нэмэлт, өөрчлөлтийг оруулах, IPO хийхтэй холбоотойгоор байгуулсан гэрээ, хэлцлийг эцэслэх зэрэг ажиллагааг хийдэг.

Та IPO хийхэд бэлэн үү?

Таны компани IPO хийхэд бэлэн байгаа эсэхэд хариулт өгөхийн тулд та дараахь хэдэн асуудлыг тодруулсан байх шаардлагатай:

-Юуны өмнө танд IPO хийхэд хэрэгтэй бүхэн байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. Учир нь өндөр ур чадвар, мэдлэг туршалагатай баг, зөв зохистой зохион байгуулалт, дотоод хяналтын тогтолцоогүй компани олон улсын зах зээл дээр IPO хийх боломжгүй юм.

-Хоёрдугаарт, IPO хийх гадаад улсын хууль тогтоомж болон тухайн биржээс тогтоосон шалгуурыг судалж, тэдгээрийг танай компани хангаж чадах эсэхийг тодруулах нь зүйтэй. Татвараас зайлсхийдэг, давхар тайлан тэнцэл хөтөлдөг, эд хөрөнгө, эзэмшиж байгаа эрх, лиценз нь маргаантай, эсхүл огт баталгаажаагүй компани олон улсын зах зээл дээр IPO хийх талаар санахын ч хэрэггүй.

-Эцэст нь таны гаргасан хувьцаа цаашид үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр хөрвөх чадвартай эсэхийг тооцоолох нь чухал. Учир нь хөрөнгө оруулагчдын нилээдгүй хувь нь таны хувьцааг хоёдогч зах зээл дээр гүйлгээнд оруулж ашиг олох сонирхолтой байдаг. Иймээс таны гаргасан хувьцааны хөрвөх чадвар хэдий чинээ өндөр байна тэр хирээр таны хувьцааг худалдан авах сонирхол их байх болно.

Mining Journal,  May, 2010 #005 (019)

1 Сэтгэгдэл

Filed under Uncategorized

One response to “АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧНААС АЖ АХУЙТАН БОЛОХ АРГА буюу Олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгө босгох боломжууд, анхаарах зүйл

  1. Bold

    Сайн уу. Баялагаа хэрхэн “чулуу” болгох вэ гэж үү. Тэгэхээр энд хөрөнгө босгох тухай асуудлыг бус эхлээд баялагаа “хөрөнгө” гэж харах шаардлагтай биш үү. Баялагийн Өмчлөгч нь болох төр \Монгол Улс\ нь энэхүү их хөрөнгийг өмчлөх эрхээ зүгээр л нэг “а” зөвшөөрлөөр өгчихөж байгаа. Уул шиг алт олборлосон ч энэ хөрөнгө төрийнх \Монгол Улсынх\ биш. Тэгэхээр чи баялагийг чулуу болгохын тулд Ашигт малтмалын хуулийг үндсээр нь өөрчил. Баялагаа хөрөнгө гэж хар хэмээн таньдаг улстөрч болгондоо сануул. Маяка.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s